We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn

Collect memories, not a property

Back

Зочид буудал, амралтын газрын орлогыг удирдах нь

Та зочид буудал, амралтын газар, жуулчны баазаа тогтмол, хамгийн урт хугацаанд хамгийн боломжит их орлоготой болгохыг хүсч байвал манай энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Зочид буудлын зэрэглэл, өрөөний тоо, хэмжээ зэргээс үл хамааран зочид буудлын үйл ажиллагааг амжилттай явуулахад үр дүнтэй орлогын удирдлага (revenue management) маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зочид буудлын удирдлага, менежерүүд цаг үргэлж өрсөлдөгчдийн өрсөлдөхүйц үнийн дунд өрөөний орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, хэрхэн илүү захиалга авах арга замыг үргэлж эрэлхийлж байдаг. Ингэхдээ зочид буудлын менежер тухайн цаг үе, нөхцөлд хамгийн зохистой орлогын удирдлагын стратегийг боловсруулах нь зүйтэй.

 

Зочид буудлын салбар дахь орлогын удирдлагын зорилго

Орлогын удирдлага гэдэг нь зочид буудлын хувьд хэрхэн хамгийн зөв цагт зөв зочиндоо тохиромжтой үнийг санал болгож захиалга авах, орлогоо нэмэгдүүлэх тухай ойлголт юм.

Байрлал болон алслагдсан байдлаас үл хамааран ямар ч зочид буудалд аялал жуулчлалын улирлын онцлогоос хамаарсан ачаалал их, бага үе байдаг. Үр дүнтэй орлогын удирдлагын стратегитай байснаар зочид буудлын удирдлага та бага улирал болон их улиралд захиалгаа зохицуулан, үр дүнтэй удирдах боломжтой болох юм.

Орлогын удирдлагын хамгийн нэн тэргүүний зорилго бол өрсөлдөхүйц үнийг тооцон зохиох, орлогоо нэмэгдүүлэх юм.

Жишээ дурдвал, үр дүнтэй орлогын удирдлагын стратегитай байснаар менежер та өөрт байгаа нөөцийн зөв удирдлагыг төлөвлөх боломжтой болж, ачаалал хамгийн бага улиралд хүний нөөцийн зардлаа багасгаж, харин ачаалал өндөр, завгүй улиралд хангалттай ажилтантай байхаар төлөвлөж чадах юм.

Орлогын удирдлагын хамгийн хүчтэй зэвсэг нь буудлын өрөөний уян хатан үнийн бодлого юм. Цаг үе, нөхцөл байдалдаа уялдсан хамгийн ухаалаг, уян хатан үнийг тогтоон хэрэгжүүлэх чадвар нь ямар нь зочид буудлын менежерийн хувьд зайлшгүй эзэмших ёстой чадвар байдаг.

 

Өрөөний үнийн төрлүүд:

Өрөөний үнийн хэд хэдэн төрлүүд олон улсын зочид буудлуудад хэрэглэгддэг бөгөөд эдгээр нь орлогын удирдлагын үндсэн түлхүүр болж байдаг.


Үндсэн үнэ буюу Rack rate

Үндсэн үнэ буюу rack rate нь аливаа урамшуулал болон хөнгөлөлтийн өмнөх өрөөний бүтэн үнэ юм. Дийлэнх тохиолдолд зочид буудлууд үндсэн үнээр үйлчлүүлэх зочин байгаа гэсэн найдаж үндсэн үнийг зарим сувгаар санал болгодог.


Хамтран ажиллагч байгууллагын үнэ буюу Corporate rate

Олон зочид буудалд бизнесийн шугамаар аялагч зочдод корпорэйт буюу хамтран ажиллагч байгууллагын тусгай хөнгөлөлттэй үнийг санал болгодог. Энэ үнэ нь тухайн байгууллагын бизнес аялагчдын хэрэглээ буюу тодорхой нэг хугацаанд буудаллах, үйлчилгээ авах өрөө болон захиалгын тоонд үндэслэн тооцоолдог. Ингэж тооцохдоо тухайн байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллаж, ирээдүйд улам бүр илүү орлого оруулна хэмээн найдаж санал болгодог.


Групп зочдын үнэ буюу Group rate

Групп зочдын үнэ нь ихэвчлэн олон тооны зочдын нэгдсэн захиалгад  (жуулчны улирлаар, хурал арга хэмжээний үеэр гэх мэт) аяллын компани, оператор байгууллага, групп аялагчдад санал болгодог үнэ юм. Групп зочдын тоо болон өрөө, байрлах хоногийн тооноос хамааран хөнгөлөлттэй үнэ санал болгодог.


Урамшуулалт үнэ буюу Reward rate

Дэлхийн томоохон брэнд болон сүлжээ зочид буудлууд байнгын үйлчлүүлэгчид, байгууллагууддаа урамшуулалт үнийг санал болгодог. Ингэснээр тухайн зочдыг өөрийн зочид буудлын сүлжээгээр тогтмол үйлчлүүлэх давуу тал, сэдлийг өгөх, мөн найз нөхөд гэр бүлийн хүмүүсээ тухайн брэнд зочид буудалд татан оруулахад нөлөө үзүүлдэг уламжлалт арга юм.


Багцын үнэ буюу Package rate

Хуралд оролцогчдын үнэ эсвэл өдөр болон оройн хоолтой үнэ зэрэг нэмэлт үйлчилгээ, ямар нэг арга хэмжээнд оролцох эрх, өрөөний зэрэглэлийг ахиулах гэх мэт тусгай эрх бүхий багцын үнийг мөн зочид буудлууд санал болгох тохиолдол байдаг. Ингэхдээ өрөөний үнэ мөн бусад үйлчилгээний тус бүрийн үнээс ялгаатай, зочинд давуу тал бүхий үнийг тооцож зохиосон байдаг. Ингэж багцын үнийг тооцохдоо тухайн улирлын онцлог болон өрөөний эрэлтэд голлон тулгуурладаг.

 

Өрөөний үнийн стратеги

Бүх зочид буудалд тохиромжтой үнийн стратеги гэж байдаггүй. Зочид буудал бүрийн өөрсдийн онцлогт тохирсон өөр өөр үнийн стратегитай баримтлах шаардлагатай.

Өрсөлдөхүйц үнийн стратеги

Өрсөлдөхүйц үнийн стратегийн үед зочид буудлын менежер нь өөрсдийн байршил, бусад буудлуудаас ялгарах давуу тал, өрсөлдөх чадварыг тодорхойлсон байх шаардлагатай. Ингэснээр танай зочид буудлыг өөрт ойр орших, ижил бүс нутагт байрлах бусад зочид буудлуудтай шууд үнээр өрсөлддөг. Энэ тохиолдолд зочдын хувьд ч танай зочид буудлын санал болгож байгаа үйлчилгээний давуу тал, онцлогийг бусад зочид буудалтай харьцуулалт хийж анзаарах боломжийг бий болгодог.

 

Зах зээлийн дундаж үнийн стратеги

Энэ үнийн стратегийн үед зочид буудлын менежер нь хамгийн дээд зэрэглэлийн өрөөгөө бусад өрсөлдөгч зочид буудлуудын стандарт өрөөний үнээр санал болгодог. Энэ нь дундаж түвшиний, хамгийн боломжит үнээр давуу тал олж авахыг хүссэн аялагчдын анхаарлыг татах зорилготой юм.

 

Нэмүү үнэ цэнийн үнийн стратеги

Энэ үнийн стратегийн үед зочид буудлын удирдлага нь бусад өрсөлдөгч буудлын өрөөний үнээс өөрсдийн үнээ өндөр тогтоох бөгөөд энэхүү үнэнд бусад боломжит нэмэлт үйлчилгээнүүдийг оруулсан давуу тал бүхий багцын үнээр санал болгодог. Ингэснээр зүгээр нэг хямдхан үнэ санал болгохоос илүү, нэмэлт үйлчилгээнүүд буюу үнэ цэнийг багтаасан өвөрмөц онцлогтой багцыг санал болгох боломжтой юм.

 

Хямдралтай үнийн стратеги

Энэ үнийн стратеги нь ихэвчлэн жуулчны бус, ачаалал бага улиралд өрөө захиалгагүй хоосон хонуулснаас хямдралтай үнэ санал болгон захиалга авч, зочинтой хонуулсан нь илүү үед тохиромжтой байдаг. Ийм хямдралтай үнийн стратегийг барих үед үнийг боломжит хамгийн хямд үнээр санал болгож, захиалга өгч буудаллахаар ирсэн зочдоос нэмэлт үйлчилгээний орлого (ресторан, спа, мини бар гэх мэт) олох боломжийг бүрдүүлдэг давуу талтай.

 

Өдрийн дундаж үнэ буюу ADR-ийг хэрхэн тооцоолох вэ


ADR (Average daily rate) буюу өдрийн дундаж үнэ гэсэн хэмжигдэхүүн нь зочид буудлын менежерүүдийн тогтмол хэрэглэдэг хэмжигдэхүүнүүдийн нэг юм. Энэ хэмжигдэхүүн нь менежерүүдэд тодорхой хугацаанд зочид буудлын өрөөний өдрийн дундаж үнийг тодорхойлох боломжийг олгодог. ADR-ийг тогтмол хугацаанд тооцож, мэдэж байснаар өөрийн явуулж байгаа орлогын удирдлагын үр дүн амжилттай байгаа эсэхийг дүгнэх хэмжүүр болж өгдөг.

 

ADR-ийг тодорхойлохдоо тодорхой хугацаанд, жишээ нь 1 сар буюу 30 хоногийн хугацааны нийт орлогыг нийт өрөө хоногт хувааснаар тооцон гаргадаг.

 

Эх сурвалж: www.siteminder.com

Сэтгэгдэл