Цэцэгс алаглаж, нар ээсэн урин дулаан зуны эдгээр өдрүүдэд хоттой ойрхон үзэсгэлэнт газрууд руу аялангаа амарчхаад ирвэл ямар вэ? Бид та бүхэнд амралтын өдрүүдээр амраад ирэх боломжтой. Улаанбаатар хоттой ойр үзэсгэлэнт газрууд болон тухайн газруудад байрлах амралтын газруудыг санал болгож байна.
Тэрэлж
Хоттой ойр байрлах энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд элэгдэн онцгой хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан мэлхий дүрстэй том хад юм. Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна. Тэрэлжид Арьяабал бясалгал бүтээлийн хийд, Мэлхий хад, Гүнжийн сүм, Болорын агуй зэрэг түүхэн дурсгалт газрууд их байдаг.
Тэрэлжид байрлах амралтын газрууд
Уу булан
Туул голын эрэгт байгалийн сайхан цогцолсон газарт байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах хүчин чадал бүхий зоогийн газар, орчин үeийн боловсон 00, тохилог шүршүүртэй. Дотоод гадаадын жуулчдад мэргэжлийн чадварлаг тогооч хонины хорхог, боодог зэрэг хээрийн амтлаг хоолноос гадна захиалгын дагуу бүх төрлийн хоол зуушийг хийж үйлчилдэг.
Уу буланд байрлах амралтын газрууд
Чингис хааны морьт хөшөө
Чингис хааны морьт хөшөөг Гиннесийн номонд бүртгэж Дэлхийн хамгийн том морьт хөшөө гэсэн гэрчилгээ олгосон байдаг. 2008 онд хөшөөг барих үед уг газарт ‘’Цонжинболдог’’ хэмээх эртний аястай нэрийг шинээр зохиож өгсөн юм. ‘’Цонж’’ (онцгой, өндөр, содон) ‘’болдог’’ (толгой довцог) гэсэн үгс нь ‘’содон өндөрлөг’’ гэсэн утгатай. Хөшөөний байршлыг эртний Хэрэйд Монгол аймгийн заагт сонгожээ. Чингис хаан өөрийн төрөлх нутаг Хамаг Монголынхоо зүг харж буйгаар хөшөөг бүтээсэн. Жуулчид хааны хүлэг морины хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижиг танхимд орсноор цогцолборыг бүтээсэн тухай баримтат кино үздэг. Хөшөөний суурь болох дугуй барилгын 36 багана нь Чингис хааны алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг. Барилгад уран зургийн галлерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллъярдын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр үйлчилгээний газрууд бий.
Чингис хааны морьт хөшөөтэй ойр амралтын газрууд
Манзуширын хийд
Монголд байдаг Буддын шашны хийд болох "Манзушир" нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.
Манзуширын хийдтэй ойр амралтын газрууд
Хустай нуруу
Улаанбаатараас 102 км зайд байрлах Хустайн нуруунд очсоноор дэлхий дээрх зэрлэг адууны устаж үгүй болоогүй цорын ганц төрөл зүйл болох тахийг харах боломжтой. Тахь нь байгаль дээр 1969 онд бүрмөсөн устаж байсан боловч 1992 онд энэ зүйлийг бүрэн устгахгүйн тулд дэлхийн амьтны хүрээлэнгүүд 16 зэрлэг адууг манай оронд нутагшуулсан билээ. Энэ тоо толгойг 330 давтал нь хамгаалж чадсан Хустайн нуруу байгалийн цогцолбор газарт очсоноор өөр олон ховор ургамал, амьтныг харах боломжтой. Мөн хажуу талд нь Азийн хамгийн олон хүн чулуут цогцолбор болох "Өнгөтийн цогцолбор" бий. Та эндээс хиргисүүр, буган чулуун хөшөө, дөрвөлжин булш, хадны сүг зураг, Балбал чулуу үзэж болох юм. Мөн очих болон буцах замдаа Молцог элс, Жирмийн цагаан нуурыг үзэж сонирхоорой
Хустайн нуруутай ойр амралтын газрууд
Аглаг бүтээлийн хийд
Байгалийн үзэсгэлэнг хүний гараар тордож бүтээсэн газар бол Аглаг бүтээлийн хийд. Улаанбаатар хотоос 130 км зайд байрлах энэ газар Бурхан багшийн сургааль дахь дүрүүд хүний гараар хэрхэн бүтсэнийг харахаас гадна эмчилгээний цэцэгсийн талаар мэдээлэл авч, рашаан уух боломжтой. Аглаг бүтээлийн хийд уулын оройд байрладаг тул байгалийн сайхныг харан баясахад тун таатай.
Аглаг бүтээлийн хийдтэй ойр амралтын газрууд
Сайхны хөтөл
Сайхны хөтөл Улаанбаатар хотоос 339 км зайд байрлана. Анх "Тэмээн хүзүүтийн хөтөл" гэх нэртэй байсан ч Д.Сүхбаатар жанжин анх “Үнэхээр сайхан хөтөл юм аа” гэж уулга алдсанаас хойш бидний дуудаж заншсанаар нэрийдэх болсон. Энэ газар Оростой хиллэдэг бөгөөд өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгальтай. Сайхны хөтөлд Орхон, Сэлэнгэ мөрөн нийлж, Байгаль нуурт цутгадаг билээ. Та очих, эсвэл буцах замдаа алдарт Тужийн нарсанд зургаа татуулж, домогт Гүн нуурын эрэгт сууж, Ээж модонд хүслээ шивнэж болно. Сүүлийн жилүүдэд галт тэргээр их аялан очдог болсон. Галт тэргээр аялангаа очиж амрах боломжтой дараах газруудыг iHotel.mn сайтаас санал болгож байна.
Сайхны хөтөлтэй ойр амралтын газрууд
Сэтгэгдэл