We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn

Collect memories, not a property

Back

Улаанбаатар хотод ойр байрлах түүхэн дурсгалт газрын мэдээлэл

2021-09-24
11834

        Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Намрын нар ээсэн өдрүүдэд амарч аялахаар төлөвлөж байгаа хүмүүстээ дараах нийтлэлийг хүргэж байна.  Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ амарч зугаалахын зэрэгцээ нүдээ хужирлаж, оюунаа баясгах хотод ойрхон  түүхэн дурсгалт газруудын товч мэдээллийг бэлтгэн танилцуулж байна .

                                                                                                                                 Манзуширийн хийд 


Богд уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхаж буй алхагчидын нэг маршрут нь Төв аймгийн Манзушир хийдээс алхалтаа эхлүүлэх байдаг. Гэхдээ түүхийг нь хараахан мэдээгүй яваа юм биш биз?  Монголд байдаг Буддын шашны хийд юм. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

Байршил :Төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын энгэрт байрладаг.

                                                                                                                     Хүрэл тогоот одон орон судлалын. хүрээлэн 

         Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д гараг эрхсийг өөрийн нүдээр дурандаж болно. Урьд нь энэ төвийн хаалга олон нийтэд нээлттэй бус байсан боловч эдүгээ геофизикийн судалгааны төвийн залуу эрдэмтэд иргэдээ одон орон судлалтай илүү ойртуулахын тулд тусгай хөтөлбөрийн дагуу аялал зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Сансар од эрхэсийн ордон”-той танилцсаны дараа Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д очиж, өндөр хүчин чадал бүхий дурангаар нар, сар оддыг дурандаж үзэх боломжтой байна.

Байршил: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Ж.Лхагвасүрэнгийн гудамж-42, Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төв.

                                                                                                                           Тоньюкукийн гэрэлт хөшөө   

         Налайхаас ердөө 15 км зайд Эртний Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон дурсгал бий. Мэргэн Тоньюкук (646-732) Түрэгийн хамгийн хүчирхэг Ашина овгийн язгууртан бөгөөд төрийн хэрэгт шоронд хоригдож байгаад  Кутулугийн (Элтэрэс) бослогын үеэр суллагдан түүнийг хаан болоход зөвлөх нь болжээ. 693 онд Элтэрэс нас барж түүний хүү Можо хаан ширээ залгамжлан улс төрийн шинэтгэл хийн хуучин язгууртан нарыг албанаас нь чөлөөлөхөд  хамт чөлөөлөгджээ. Хуучин сурвалжтануудыг Тоньюкук удирдан хуйвалдаан зохион байгуулж Можог зайлуулан Могиляныг Билгэ цолтойгоор хаанд өргөмжлөн хүчээ өргөж явсаар 86 насандаа өөд болжээ. Тоньюкук амьд сэрүүндээ энэ хөшөөг өөрөө босгуулж байжээ.

Байршил: Төв аймгийн Баян суманд байрладаг.Налайхаас зүүн тийш 15км, Ар жанчивлангийн сувилалаас баруун тийш 4км     

 

                                                                                                                              Чингис хааны морьт хөшөө

       Чингис хааны морьт хөшөөг Гиннесийн номонд бүртгэж  Дэлхийн хамгийн том морьт хөшөө гэсэн гэрчилгээ олгожээ. 2008 онд хөшөөг барих үед уг газарт ‘’Цонжинболдог’’ хэмээх эртний аястай нэрийг шинээр зохиож өгсөн юм. ‘’Цонж’’ (онцгой, өндөр,  содон) ‘’болдог’’ (толгой довцог) гэсэн үгс нь ‘’содон өндөрлөг’’ гэсэн утгатай. Хөшөөний байршлыг эртний Хэрэйд Монгол аймгийн заагт  сонгожээ. Чингис хаан өөрийн төрөлх нутаг Хамаг Монголынхоо зүг харж буйгаар хөшөөг бүтээсэн. Жуулчид хааны хүлэг морины хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижиг танхимд орсноор цогцолборыг бүтээсэн тухай баримтат кино үздэг. Хөшөөний суурь болох дугуй барилгын 36 багана нь Чингис хааны алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг. Барилгад уран зургийн галлерей,  Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллъярдын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр үйлчилгээний газрууд бий. 

Байршил: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 53км

                                                                                                                                        Тэрэлж 

                  Хоттой ойр байрлах энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд элэгдэн онцгой хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан мэлхий дүрстэй том хад юм. Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна.

Байршил:  Улаанбаатар хотоос зүүн тийш 60кмт байрладаг. 


                                              

                                                                                                                        Арьяабал бясалгал бүтээлийн хийд
       Горхи Тэрэлжийн хөн­дийд үзэсгэлэнт төрхөө­рөө сүндэрлэн байдаг Арьяабалын бясалгал бүтээлийн хийд нь нийслэл хотод ирсэн гадны жуулчид, дотоодын амрагч, аялагчдын очих дуртай газрын нэг юм. Тус бясалгал бүтээлийн хийдийг 1998-2004 онд барьж дуусгажээ.  Энэ хийд нь зааны хошуу мэт хэлбэртэй 108 чулуун шаттай.  Хийдийг тойрсон 108 хүрдийг эргүүлж го­роо­лоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншсантай тэнцэнэ хэмээн ярьдаг.

Хийдийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Аръяабал сүмийн зүүнтээ уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг. Сүмийн байшинг тойруулан дээврийн доод хэсэгт 3 ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Сүмийн дотор талд 8 мутарт Аръяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залардаг.

Байршил: Горхи Тэрэлжийн бүс нутаг мэлхий хаднаас цааш 3км

 

                                                                                                                                    Өнгөтийн чулуун дурсгал

     Хустайн нурууг зорьсон бол та Монголд төдийгүй, төв Азид олдсон хамгийн олон (30 орчим) хүн чулуутай цогцолбор дурсгал болох Өнгөтийн чулуун дурсгалыг заавал үзээрэй. Энэ цогцолбор нь Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдана. Энд бас арслан, аргаль хонины чулуун дүрс байдаг. Цогцолбор хөшөөнөөс зүүн урагш зэллэсэн 552 ш балбал чулуу байдаг. 

Байршил: Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт, Улаанбаатар хотоос баруун зүгт 90 км зайтай Туул голын хойд хөндийд Өнгөт уулын бэлд байрладаг.                                       

                                                                                                                              Ван хааны ордын туурь

                                                                                                                                         

        Хэрвээ та Шувуун фабрикийн ойролцоо очвол заавал зорьж үзэх нэгэн газар бий. Энэ нь XII-XIII зууны үед Хэрэйдийн Ван хан Тоорилын амьдарч байсан орд өргөөний туурь юм. Хожим нь Чингис хааны дөрвөн ордны нэг Есүй хатны өргөө байсан түүх, соёлын үл хөдлөх дурсгал. 1203 онд Чингис хаан тус ордыг эзлэн авч Есүй хатны өвлийн өргөө бүхий төрийн III ордон болгосон түүхтэй. Монголын Нууц Товчооны баримтад тулгуурлан тус ордод 1225 он хүртэл 22 жил ирж, очин амьдарч байсан гэж үзжээ. 

Байршил: Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Богд хан уулын ар, Сонгинохайрхан уулын урд өвөрт,  Туул гол Бөхөг Түргэний голын бэлчирт байрладаг.

                                                                                                                                           Ээж хад

         Эрт цагт Ээж хад буюу Ээж хайрхан төрүүлсэн ганц хүүтэй цайлган цагаан сэтгэлтэй хүн байжээ. Дайнд тулаанд гэр бүлийнхэн нь амь үрэгдсэн нялх өнчин зургаан хүүхдийг өргөж аваад өсгөж хүмүүжүүлээд дайн тулаан, халдлага дээрэмд алдсаар ганц төрсөн хүү нь үлдэж, түүнийгээ дайнд явуулаад хүүгээ амьд үлдээхийн тулд мөргөл үйлдэж алхаж явсаар байгаад Хэнтий нутгаас одоогийн байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хүртэл залбирал үйлдсээр эцсийн мөчийг хүртэл сөхөрч суусан чигээрээ бурхан болсон түүхтэй ажээ.

Ээж хаданд нэг мөргөсөн хүн гурван жил дараалан мөргөдөг. Мөн очихоосоо өмнө гурван хүслээ бодож сүсэглэх учиртай. Ээж хаданд очиж мөргөх бус ээждээ очиж золгож байна хэмээн билэгшээх ёстой байдаг. 

Байршил: Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг.


                                                                                                                                      “Ухамсар” хөшөө 

        Тэрэлжийг зорих хүн олон ч тэнд байх нуугдсан нэгэн сонирхолтой бүтээлийг танилцуулъя. МУЭ-ийн шагналт, СТА, уран барималч А.Очирболдын Ухамсар гэх энэхүү бүтээл НҮБ-ын төв талбайд сүндэрлэж байсан. Ухамсар нь хүн бүхэнд байдаг ч хамгийн далд оршиж байдаг зүйл юм.Хүн төрөлхтөн орон зайд амьдарч, ул мөрөө үлдээгээд буцдаг.  Хүний ухамсар байгаль дэлхий шиг мөнх байдаг учраас бүтээлдээ хүн, түүний ул мөрийг холбож өгсөн байна. Тэрэлжид байрлах ухамсар хөшөө нь хүн  байгаль дэлхийнхээ өмнө ухамсартай хандах, хайрлах гэсэн утга  санаагаар бүтээгдсэн байна.

 Байршил: Улаанбаатар хотоос зүүн тийш 60 кмт байрлах Тэрэлж стар амралтын газрын  хажууд байрлана.

 

Амралтын газруудын дэлгэрэнгүй мэдээлэл болон үнэ ханш байршлийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл